2022 оны 3-р улирал гарчихлаа. Танай байгууллага оны эхний хагаст хэр үр дүнтэй ажилласан бэ? Ашигтай юу, эсвэл алдагдалтай ажилласан уу? Дэлхий дахинаа улс төр, эдийн засаг тогтворгүй, тодорхойгүй байгаа энэ үед бизнесийн ашгийг тохиолдлын шинжтэй болгохгүйн тулд бидний хийх ёстой хамгийн чухал ажил юу байх вэ? Энэ бол ашгийн төлөвлөлт.
Ашиг= Орлого- Өртөг- Үйл ажиллагааны зардал- Маркетингийн зардал- Татвар болон бусад зардал+ Бусад орлого
Тэгвэл ашгийг тохиолдлын шинж чанартай болгохгүйн тулд дээрх томёололд байгаа өнгөөр тодруулсан хүчин зүйлсийг нарийн төлөвлөх хэрэгтэй. Манай зүгээс доорхи дарааллаар ашгийн төлөвлөлтийг хийхийг санал болгож байна:
1.Бүх зардлуудыг данс харгалзахгүй, зардлын төрлөөр авч үзэх: Нягтлан бодох бүртгэлд зардлыг бүтээгдэхүүний өртөгт, ерөнхий удирдлагын зардалд мөн маркетинг, бусад зардалд хуваан тусдаа бүлгүүдэд хуваан бүртгэдэг. Ингэснээр ямар асуудал үүсдэг гэхээр удирдлагууд тухайн төрлийн зардлыг бүтэн дүнгээр харж чадахаа больдог. Харин та бүхэнд бүх зардлыг бүлгээс нь гарган зөвхөн зардлын төрлөөр нь ялгаж харахыг санал болгож байна. Жишээ нь: жилийн турш өртөгт, ерөнхий удирдлагад, маркетингийн бүлэгт хуваан бүртгэсэн нийт ашиглалтын зардал, түрээсийн зардал, хангамжийн материал, татварын зардал (татварын төрөл тус бүрээр) гэх мэт.
2. Өмнөх 1-2 жилийн (хэдэн улирлын эсвэл сарын) зардлын гүйцэтгэлийг харьцуулах: Ингэснээр бизнесийн үйл ажиллагааны зардлын улирлын нөлөө, онцлогыг илүү тодорхой болгон, сар бүрийн суурь зардал, зайлшгүй гарах зардлыг ойлгоход тусална. Цаашлаад төлөвлөлтийг бодитой хийхэд чухал нөлөөтэй.
3. Борлуулалтыг нарийн шинжлэх: Борлуулалтын орлогыг үйл ажиллагааны чиглэлээр, сараар, бүтээгдэхүүний тоо хэмжээгээр гэх мэт боломжит хамгийн олон төрлөөр дэлгэрэнгүй шинжлэх нь чухал.
4. Ашгийн шинжилгээ хийх: Манай пэйжийн өмнөх нийтлэл "Ашигт ажиллагааг шинжлэх аргачлал"(http://devjikhpartners.mn/post/66374)-н дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээний түвшинд ашигт ажиллагааг шинжлээрэй. Мөн нэмэлтээр Хугарлын цэгийн шинжилгээ болон санхүүгийн түлхүүр үзүүлэлтүүдийн шинжилгээг хийхийг санал болгож байна.
5. Борлуулалтын төлөвлөл: Өмнөх жилийн гүйцэтгэл, байгууллагын зах зээлийн онцлог, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, аль болох дэлгэрэнгүй байдлаар борлуулалтыг төлөвлөөрэй. Жишээ нь борлуулах бүтээгдээхүүнийг тоо ширхэгээр, үнийн өөрчлөлтийг тусган төлөвлөх.
6. Зардлыг төлөвлөх: Сарын борлуулалттай уялдуулан, сарын, улирлын болон жилийн зайлшгүй гарах зардлыг төлөвлөнө.
6. Зардлуудыг алба, хэлтэст хуваарилах: Дээрхи төлөвлөгдсөн зардлыг алба хэлтэст хуваарилан зардлыг сар тус бүрээр төлөвлөнө. Хэрэв боломжтой бол илүү дэлгэрүүлж зарим хангамжийн материал, үйлчилгээ, барааг худалдан авах тоо хэмжээгээр дэлгэрэнгүй төлөвлөх нь гүйцэтгэлийг хянахад хялбар болгодог.
Эцэст нь хэлэхэд төлөвлөлт бол ашгийн удирдлагын зөвхөн эхний хэсэг юм. Ашгийг үр дүнтэй удирдахын тулд хийсэн төлөвлөлтийн гүйцэтгэлийн хянах, процессийг сайжруулах зэрэг олон ажлыг үе шаттайгаар хийх хэрэгтэй. Хэрэв танд дээрх ажлыг хийхэд туслалцаа хэрэгтэй бол бидэнд хандаарай. Бид үйлдвэрүүдтэй ажилласан арвин туршлагатай.