Хөрөнгө Оруулагчийн Зөвлөгөө

A- A A+
Хөрөнгө Оруулагчийн Зөвлөгөө

Дэвжих Партнерс ХХК нь бизнесийн санхүүжилтийг хялбаршуулах зорилгоор санхүүгийн зөвлөх үйлчилгээ, төслийн санал бэлтгэх, төслийн санхүүжилтийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг билээ. Энэ зорилгын дагуу Монголд үйл ажиллагаа явуулдаг GMNI- Global Investment Fund-н Үүсгэн байгуулагч, Бизнесийн зөвлөх Nir Jonathan Passi эрхэмтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн түгээмэл гаргадаг алдаа, үүнийг хэрхэн даван туулж хөрөнгө оруулалт татах талаар ярилцсанаа та бүхэнтэй энэ нийтлэлээр хуваалцъя.

Түүний хэлснээр санхүүжилт хүссэн төслүүдийн 90 гаруй хувь нь Төслийн Судалгааг Хангалтгүй Хийсэн Байдаг бөгөөд үүний улмаас санхүүжилт авч чаддаггүй гэсэн юм. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл доорхи тоо мэдээлэл, судалгааг дутуу хийснээр хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлдэг байна:

- Одоогийн бизнесийн нөхцөл байдлын судалгаа: Танай бизнесийн зах зээлийн хэмжээ ямар вэ? Энэхүү зах зээлд танай бизнес хэдэн хувийг эзэлдэг, эсвэл ямар сегментэд чиглэн үйл ажиллагааг явуулдаг вэ? Энэ талаар маш тодорхой судалгаа, ойлголттой байгаад, үүнийгээ хөрөнгө оруулагчдад тодорхой илэрхийлэх хэрэгтэй. 

Үүнээс гадна бизнес тань салбартаа ямар давуу талтай, бусдаас юугаар ялгардаг, Танай Ашгийн Модель ямар вэ? Эдгээрийг өнгөрсөн НББ-н тоо мэдээнд үндэслэн нотлон харуулах нь итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг. 

- Хөрөнгө оруулалтын дараах бизнесийн төсөөлөл: Одоогийн бизнесийн нөхцөл байдалд үндэслэн, зах зээлд байгаа шийдвэрлэгдээгүй ямар хэрэгцээ шаардлагыг хангах гэж буйг тоо баримт, судалгааны үндсэн дээр хөрөнгө оруулагчдад харуулах нь чухал. Энэ нь хөрөнгө оруулалтыг зайлшгүй хийх хэрэгтэйг нотлохуйц байна. Энэ тооцоо судалгаанд зах зээлийн багтаамж (Гадаад дотоод зах зээл), шинээр гаргах бүтээгдэхүүний иж бүрэн судалгаа, манай бүтээгдэхүүний одоо зах зээл дээрхи бүтээгдэхүүнээс юугаар ялгарах, үнийн судалгаа (өрсөлдөгчийн болон манай), манай тооцоолсон үнэ зах зээлд амжилттай борлогдох боломжтой зэргийг харуулах нь чухал. 

Үүний дараа зардлын тооцоо, ажиллах хүчний тооцоо, шинэ технологи, барилгын болон бусад хөрөнгө оруулалтын мөнгөн дүн, татварын тооцоолол, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоо хэмжээ зэргийг ашиглан, манай бүтээгдэхүүний үнэ нь дундаж болон дунджаас дээш ашигтай ажиллахад тохиромжтой үнэ гэдгийг тооцооллоор батлан харуулах нь чухал.

Мэдээж хэрэг энэ бол төслийн суурь шаардлага гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь Олон улсын донор байгууллагууд болон дийлэнхи гадаадын хөрөнгө оруулалтын сангууд Impact Investment, Green Investment буюу Хариуцлагатай, Ногоон бизнесүүдэд хөрөнгө оруулах хүсэлтэй болсон. Иймд дээр дурдсан суурь шаардлагаас гадна танай бизнес чанарын болон менежментийн удирдлагын тогтолцоотой эсэх, байгаль орчинд ээлтэй эсэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж буй эсэх, хог хаягдлыг зөв зохиостой бууруулах зорилт тавьдаг эсэх, жендерийн асуудалд хэрхэн ханддаг зэрэг олон олон шаардлагыг тавьдаг. 

Хөрөнгө оруулалт, санхүүжилт хүсч буй бизнес эрхлэгч танд хэрэгцээтэй мэдээлэл хүргэж чадсан гэж найдаж байна. Манай нийтлэлийг уншсан танд баярлалаа.