ЦЭГЦТЭЙ СЭТГЭЛГЭЭ буюу сайн компанийг агуу болгон хувиргадаг тэр түлхүүр шийдлийг олж хэрэгжүүлэх тухай 2 дахь хэсгээ хүлээн авна уу?
БОДИТ ҮНЭНИЙГ ЭГЦЛЭН ХАРАХ: Агуу амжилт гэдэг нь эхнийхээсээ дараах нь урган гарч байдаг шат дараалан гүйцэтгэгдсэн сайн шийдлүүдийн үр дүн юм гэсэн ойлголт судалгаанд ихээхэн анзаарагдаж байсан. Гэхдээ агуу болсон компанийн шийдэл бүр агуу байгаагүй ээ. Хэдий тийм ч муугаасаа сайн шийдвэрүүдийг илүү олон гаргасан байсан. Азаар биш, тогтвортой урт хугацааны сайн шийдвэрүүдийг гаргаж байсан нууцын нэг нь ФАКТЫГ ҮНДЭС БОЛГОХ байв. Энэ нь зорилтод хүрэх замаа шинэ, бодит байдал гарч ирэх бүрийд эргэн харж, хэрэгцээтэй бол замаа өөрчлөх зэргээр сайжруулж чаддаг байх тухай юм. Фактыг үндэс болгон ажиллахад танай удирдлагад доорхи 2 зүйлс байгаа эсэхийг шалгаарай:
1. ҮНЭН СОНСОГДОЖ ЧАДАХ ОРЧИН: Сайнаас агуу компанид хүрэх шилжилтийг удирдана гэдэг нь нэг хариулт олоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх ажилд хүмүүсийг дагуулах гэсэн үг биш юм. Харин та хийж буй бизнес, бизнесийн орчин нөхцөл, харилцагч гэх мэт бүгдийг бүрэн мэдэхгүй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрөх эр зоригтой байх тухай. Мөн асуудлын гүнд хүрч, сайн шийдэл олтлоо асуултыг бусдаас асуун, хэлэлцүүлэг маргаан тулаан өрнүүлээд ч болтугай нөхцөл байдлыг чин үнэнээр дүгнэж, цаашдын шийдвэрийг гаргах тухай юм. Байгууллагадаа ийм орчин нөхцөл, соёлыг бий болгохын тулд төвлөрлийг асуудал, хэн нэгний буруу дээр биш, цаашид сайжруулах ажил, шийдэлд аваачаарай.
2. ХАТУУ ШИРҮҮН ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛСАН Ч ҮЛ АЛДРАХ ИТГЭЛ: Номонд энэ хэсгийг Стокдейлийн парадокс гэж нэрлэсэн. Энэ нь нэг талаас бодит байдлын ширүүн үнэнийг тэвчээртэйгээр хүлээн авсан. Нөгөө талаас ялалтад итгэх итгэлээ алдаагүй бөгөөд ямарч саад бэрхшээл учирсан өндөрт гарах, эсвэл агуу компани байгуулах эрмэлзлээсээ ухраагүй энэ хосломол зан төрхийг нэрлэж буй. Танай баг агуу компани байгуулахад магадгүй 20 жил, 50 жил зарцуулж магад, та бүхэн зах зээлийн хамгийн хүнд хэцүү үед ажиллаж байж магад. Гэхдээ л энэ бүхнийг чадах бүхнээ хийгээд, тэвчээд даваад гарна, гайхамшиг бүтээнэ гэсэн итгэлээ алдахгүй байх тухай юм.
ЗАРААНЫ КОНЦЕПЦ: Танай компани үнэг үү? Зараа юу? Зүйрлэвэл үнэг олон янзын юм мэддэг, нэгэн зэрэг хэд хэдэн зорилгод тэмүүлж, хорвоо ертөнцийг бүх нарийн ширийнтэй нь бодно. Харин зараа зөвхөн ганцхан их чухал зүйлийг мэддэг. Зараанууд хорвоо ертөнцийг хялбарчилж, бүгдийг нэг концепцид төвлөрүүлж, түүндээ үйл ажиллагааг чиглүүлнэ. Зараанд өөрийнх нь концепцид нийцэхгүй байгаа юу ч чухал биш. Ямар ч гялалзсан амжилт бай, толгой эргэм их ашиг бай хэрэв зарааны зорьсон үйл ажиллагааны концепцид таарахгүй л бол тийшээ ордоггүй гэсэн үг! Энгийнээс энгийн “Худалдан авагчид хамгийн дөхүү, хамгийн эвтэйхэн, тэгээд нэг удаагийн ирэлтээс хамгийн их ашиг унагах” (Walgreens) гэх мэт концепц!
Тэгвэл танай байгууллага ЗАРААНЫ КОНЦЕПЦоо олохын тулд доорхи 3 асуултад нэгэн зэрэг ТИЙМ гэж хариулах концепцоо сонгоорой: 1) Өөрийн бүхнээс илүү, хэн бүхнээс шилдэг хийж чадах зүйл 2) Өөрийн үнэнхүү хийх дуртай зүйл 3) Үүнийг яаж хийвэл хамгийн их мөнгөн урсгал бий болгох эсвэл ашиг олох үйл ажиллагааны аргачлал.
Хэрэв ЗАРААНЫ КОНЦЕПЦоо олсон бол удирдлагын багаараа үүнийг хэрэгжүүлэхэд ямар асуудал байна? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Гүйцэтгэлдээ бид ямар алдаа гаргаж байна вэ? Гэдгийг байнга ҮНЭН СОНСОГДОЖ ЧАДАХ ОРЧИНД-д хэлэлцэж, ҮНЭНТЭЙ НҮҮР ТУЛЖ, гэвч хийж чадна гэдэг ИТГЭЛЭЭ АЛДАХГҮЙГЭЭР хэрэгжүүлж байгаарай.