Энэхүү нийтлэлийг бид хөнгөлөлттэй зээл, санхүүжилт сонирхож буй Мал аж ахуйн төсөл хэрэгжүүлэгч бизнесүүдэд зориулан бэлтгэлээ.
Азийн Хөгжлийн Банк Монгол улсын Засгийн Газартай 2021-2024 онд хамтран ажиллах түншлэлийн стратегиа баталсан бөгөөд ирэх 4 жилд Монгол улсад нийт 1.5 тэрбум долларын зээл олгох буюу жил бүр 370 сая долларын долларын санхүүжилт олгохоо мэдэгдсэн. Тэгвэл ойрын хугацаанд Мал аж ахуйн салбарт хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн талаар бид доорхи мэдээллийг цуглууллаа.
1. Байгал цаг уурт тэсвэртэй, мал аж ахуйг хөгжүүлэх төсөл- Уг төсөл нь нийт 30 сая ам долларын санхүүжилттэй бөгөөд 3-н үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Эхнийх нь мах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх буюу мах сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх шат дамжлагын ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл санхүүжилт олгох. Хоёрдугаарт Байгаль цаг уурт тэсвэртэй мал аж ахуй, бэлчээр болон усалгааны менежментийг сайжруулах. Гуравдугаарт мал аж ахуйн салбарын хууль, эрхзүйн зохицуулалтыг сайжруулах болно. Төслийг улс орон даяар хэрэгжүүлэх бөгөөд тодорхой бүс нутаг, аймаг заагаагүй болно. Хэдийгээр зээл олгож эхлэх хугацаа нь тодорхой болоогүй байгаа ч, төслийн хаагдах хугацааг 2027 оны 6 дугаар сар гэснээс үзвэл төсөл удахгүй зээл олгож эхэлнэ гэж бид үзэж байна.
Холбоос: https://www.adb.org/projects/53038-001/main
2. Уур Амьсгалын Ногоон Сангаас баталсан 130 сая ам долларын "Аймаг, сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр"ийн санхүүжилт- Уг төсөл АХБ, Сангийн Яам, Хөгжлийн банкаар дамжин арилжааны банкуудаар олгогдохоор хөтөлбөрт тусгагдсан. Уг төслийн 1-р ээлжийн санхүүжилтийг Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад хэрэгжүүлэх бол, 2,3-р ээлжийн санхүүжилтийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгуудад хэрэгжүүлнэ. Гол шалгуур нь зээл хүсэгч байгууллага нь бэлчээр ашиглагчдын холбооны гишүүн, гэрчилгээтэй малчидтай хамтран ажилладаг байх, байгаль цаг уурт ээлтэй, нүүрс төрөгч бага ялгаруулдаг технологи нэвтрүүлэх юм. Зээлийн хэмжээ нь 350 ам доллараас 5 сая ам доллар хүртэл, зээлийн хүү жилийн 7%-12% байна хэмээн төлөвлөжээ. Зээлийн хугацаа нь зээлийн зориулалтаас шалтгаалан 2-10 жил байна. Мөн зээлийн төрлөөс шалтгаалан үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь 3 жил хүртэл байна гэжээ.
Холбоос: https://www.greenclimate.fund/project/fp154
Дээрхи мэдээлэлтэй холбоотой асуулт байвал та бүхэн коммэнт үлдээгээрэй. Мөн Англи хэл дээрх эх сурвалжийг оруулсан тул та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.