Өртөг тооцох үнэхээр тийм хэцүү юу? Бидний туршлагаас харахад өртөг тооцох гэдэг процесс нь энгийн л нэг нэмэх, хасах, үржих, хуваах арифметик үйлдэл байдаг. Дөрвөн аргын тооцооллыг хийхэд хэцүү зүйл юу байхав. Тэгвэл яг ямар шалтгаан өртөг тооцолтыг тийм төвөгтэй, хийхэд хэцүү болгодог вэ?
Манай ихэнхи үйлдвэрт бүтээгдэхүүний өртгийн карт байдаг. Өртгийн картын орц норм бол дундаж, стандарт хэмжээ байдаг. Харин бодит үйлдвэрлэл, стандарт хэмжээ 2-н зөрүүг тухай бүр хэмжин, түүнийг өртөг тооцоонд оруулах нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Үүнийг яг цагт нь үйлдвэрийн бүртгэлээр хийдэг.
Үйлдвэрийн бүртгэл гэдэг нь үйлдвэрийн процесс явж байх тухайн цаг үед "А" бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглагдсан материалын тоо хэмжээ, зарцуулсан хөдөлмөр цаг, ашигласан нэмэгдэл материал, магадгүй дахин боловсруулалт, хорогдол зэргийг бүгдийг бүртгэсэн дамжлага дундын бүртгэл юм. Ихэнхи үйлдвэрт энэ бүртгэл хангалтгүй байдаг тул, нягтлан бодогчид ямар бүтээгдэхүүнд гүйцэтгэлээр ямар зардал гарсанг тооцох аргагүй болдог.
Тэгвэл Өртөг тооцолтыг сайжруулахын тулд яг юу хийх вэ?
1. Эхлээд үйлдвэрлэлтэй холбоотой гарч буй бүх зардлыг шинжлэх үзэх: 80,20 зарчим ашиглан хамгийн өндөр дүнтэй буюу үйлдвэрийн өртгийн 80-с дээш хувийг бүрдүүлж буй зардлын бүртгэлийг сайтар хянаж, бүрэн, хангалттай хэмжээнд бүртгэж буй эсэхийг нягтлах.
2. Үйлдвэрийн бүртгэлийг сайжруулах: Дамжлага тус бүрт хийгдэж буй үйлдвэрийн процессийг танай бүртгэл бүрэн дүүрэн бүртгэж авч хэрэгцээтэй мэдээллийг баримтжуулж чадаж буй эсэхийг нягтлаж үзээрэй. Хэрэв энэ тал дээр мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй байгаа бол Манайд хандаарай. Бид энэ тал дээр арвин туршлагатай.
3. Бүртгэлийн загварт үндэслэн, тухайн сарын үйлдвэрлэлийн өртгийг тооцдог тооцооллын загвар гаргах: Нэг загвараар, тогтмол бүртгэл хөтлөх, тооцоолол гаргах нь НББ-г хялбаршуулахаас гадна, цаашлаад ERP систем болгон хувиргах гэх мэтээр автоматжуулахад дөхөм болдог. Хэрэв танайд тооцооллын бэлэн загвар байхгүй бол манай http://devjikhpartners.mn/post/66374 нийтлэлийн загварыг ашиглаж үзээрэй.
Өртөг тооцолтыг хэцүү болгодог асуудал нь арифметик тооцоолол биш, уг тооцооллыг хийх суурь мэдээлэл болох материал, хөдөлмөрийн зарцуулалтын бүртгэлийн хангалтгүй байдал гэдгийг үүнээс харж болохоор байна.
Хэрэв танай байгууллага өртөг тооцоход асуудалтай байгаа бол дээрхи шалтгаанууд байгаа эсэхийг нягталж үзээрэй. Практик дээр өртөг тооцолт нь зөвхөн барааны өртгийг зөв гаргах тухай асуудал биш байдаг. Учир нь ихэнхи төрлийн үйлдвэрт шууд материалын зардал нийт өртөгт өндөр хувийг эзэлдэг. Ихэнхи тохиолдолд ШМ+ШХ нь нийт өртгийн 60%-80% эзэлж байдаг.
Тэгвэл өртөг тооцолтоор дамжуулж бараа материалын хяналт, хөдөлмөрийн бүтээмжийн хяналтыг хийж болдог. Өртөг мөн үнэ тогтооход шууд нөлөөлдөг тул ашигт ихээхэн нөлөөтэй байдаг.
Тэгвэл үйлдвэрийн бүртгэлийг зөв хийснээр танай бизнес БАРАА МАТЕРИАЛЫН ЗАРЦУУЛАЛТ, ҮЛДЭГДЭЛ, ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ, АШГИЙГ хянах боломж бүрддэг байх нь.
Иймд хэрвээ танай байгууллагад өртгийн асуудал байгаа бол үйлдвэрийн бүртгэлээ эргэн хараарай. Хэрэв танайд тусламж хэрэгтэй бол бид хэзээд туслахад бэлэн байна.