Цар тахал, дайн, нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид бүгдэд тодорхойгүй байдал бий болгож байна. Эдийн засагчид мөн хямрал болно хэмээн таамаглаад эхэллээ. Тэгвэл энэхүү нийтлэлээр үйлдвэр эрхлэгчид энэхүү тодорхойгүй байдал, магадгүй хямралыг хэрхэн даван гарах тухай өөрийн туршлага, үзэл бодлыг хуваалцъя.
Мөнгө хамгийн чухал
Бизнесийн зөвлөгөө өгөн ажиллаж байхдаа ашигтай ажилладаггүй ч олон жил үйл ажиллагаагаа хэвийн явуулсан байгууллагатай цөөнгүй таарч байсан. Эдгээр байгууллага хэвийн ажиллаад байсан гол шалтгаан нь бэлэн мөнгөний зогсолтгүй урсгал байсан юм. Мөнгөний урсгал бизнесийн хувьд яг л бие дэх цусны урсгалтай адил чухал. Мөнгөн орлогоор тасрахгүй, зардлуудаа төлөөд явах боломжтой бол тодорхой хугацаанд ашиггүй ажиллаж байсан ч бизнес явсаар л байх болно. Иймд эдийн засгийн хүнд хэцүү цаг үед бизнесийн эзэн та доорхи хэдэн зарчмыг баримтлан ажиллаарай:
- Борлуулалтыг аль болох бэлэн мөнгөөр хийх
- Боломжтой бол урьдчилан төлбөрөө авч борлуулалт хийгээрэй.
- Авлага өглөгийн үлдэгдлийг аль болох бага байлгаарай. Авлагагыг цуглуулахгүй удаах, найдваргүй авлага үүсгэх нь үйлдвэрлэлийн бүх зардлыг үр дүнгүй, хий хоосон зардал болгож байдаг. Дээр нь авлагаа цуглуулаагүй борлуулалт бүрээс танай байгууллага татварын өрөнд орж байдаг! Иймд авлага цуглуулалт бол борлуулалтаас ч чухал процесс юм шүү. Өглөгийг мөн бага байлгах нь танай байгууллагын итгэлцэл, нэр хүндийг өргөх чухал хүчин зүйл тул хүнд хэцүү цаг үед аль болох өглөгийг бага байлгаарай.
Төлөвлөх нь тодорхой зураглал авч ирдэг
Хэдий тодорхойгүй байдал газар авч байгаа ч төлөвлөлт чухал хэвээр байна. Инфляци өндөр, түүхий эд материалын үнэ олдоц хэлбэлзэл буй өнөө цагт төлөвлөлтийг богино хугацаанд хийх нь ихээхэн үр дүнтэй (Сараар, улирлаар, хагас жилээр болон жилээр). Ингэснээр таны зорьж буй борлуулалт, зардал болон ашиг нь хэрэгжээгүй тохиолдолд богино хугацаанд үр дүнг нь хэмжин, учир шалтгааныг тодорхойлон, алдааг засч залруулах боломж олдоно. Энэ нь хямралын үед алдаагаа газар авахуулахгүй, байгууллагаа хүнд байдалд оруулчихгүй байх гол түлхүүр юм.
Та бүхэн манай бэлтгэсэн "Ашигт ажиллагааг шинжлэх аргачлал" нийтлэлд заасан загвараар төлөвлөлтөө хийгээд явбал бизнесээ илүү тодорхой харах боломжтой болох болно.