Бид өмнөх нийтлэлээр Монгол Улсад хэрэгжихээр батлагдсан хөнгөлөлттэй зээлийн төслүүдийг танилцуулсан билээ. Үр дүнд нь санхүүжилт сонирхсон олон бизнес эрхлэгчид бидэнтэй холбогдсон. Иймд хөнгөлөлттэй зээл сонирхсон бизнес эрхлэгчдэд төслийн саналыг хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж хүргэж байна.
Юуны өмнө та Зээл хүссэн, Санхүүжилт хүссэн төслийн саналыг өөрийн бизнесийн одоогийн болон ирээдүйн үйл ажиллагааны танилцуулга гэж үзэх хэрэгтэй. Иймд төслийн мэдээллийг үндсэн 2 хэсэгт хувааж бэлтгэж болно. 1-рт бизнесийн одоогийн нөхцөл байдал, 2-рт хөрөнгө оруулалтаар хийгдэх сайжруулалт, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө орно. Ийм маягаар төслийг үндсэн 2 бүлэгтэй бэлтгэж болно.
1-р бүлгийн зорилго нь өнгөрсөн тоо баримтад тулгуурлан, бизнес тань өнөөдрийг хүртэл хэрхэн амжилттай явж ирснийг батлан харуулах юм. Ингэхдээ бизнесийн эздийн алсын хараа, ажиллах хүчний боловсрол, жендерийн нөхцөл байдал, түүхий эдийн татан авалт түүний хэрэглээ, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналт шаардлага, маркетинг борлуулалтын арга хэрэгсэл, суваг болон борлуулалтын тоон мэдээнүүд, бизнесийн үйл ажиллагааны зардлын мэдээлэл, ашигт ажиллагааны нөхцөл байдлыг танилцуулна. Үүнээс гадна байгууллагад хэрэгждэг стандарт, хяналтын системийг бүлэг тус бүрт танилцуулах нь танайд давуу тал үүсгэнэ.
2-р бүлгийн зорилго нь санхүүжилтийн хэрэгцээ шаардлага, түүнийг амжилттай хэрэгжүүлэх тооцоолол, төлөвлөгөөг танилцуулах юм. Ингэхдээ мөн адил төслийг хэрэгжүүлэх боловсон хүчний тооцоолол, түүхий эдийн татан авалтын хэмжээ, чанарын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, борлуулалтын суваг болон үнийн төлөвлөгөө, борлуулах тоо хэмжээний тооцоолол, маркетингийн арга хэмжээ, бизнесийн зардлын тооцоолол, ашигт ажиллагааны тооцоолол, ирээдүйн 5-6 жилийн тайлан баланс, санхүүгийн тооцооллыг багтаах хэрэгтэй.
Хэрэв танай компани төслөө өөрсдөө бичих бол эдгээрийг харгалзан үзээрэй. Харин бусдаар төслийн санал бэлтгүүлж байгаа бол дээрхи мэдээллүүд бүрэн байгаа эсэхийг хянаж үзээрэй.
Таны бизнест амжилт хүсье!