БОРЛУУЛАЛТЫН ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТҮҮД БА ТЭДГЭЭРИЙГ УНШИЖ ОЙЛГОХ НЬ
Ашигт ажиллагааны ерөнхий томъёо нь:
"Ашиг= Борлуулалтын орлого- Борлуулсан бүтээгдэхүүний өртөг- Ерөнхий удирдлага, борлуулалт маркетингийн зардал+ Бусад ашиг- Бусад зардал"
Энэ томъёоны гол үзүүлэлт болох борлуулалтын орлогыг танай бизнес хэрхэн төлөвлөж, ямар үзүүлэлтээр хэмжиж, ямар зорилт тавин ажилладаг вэ?
Дийлэнхи компанийн хувьд орлогын тайлангийн төлөвлөлтийг хийж, жилийн борлуулалтын орлогыг мөнгөн дүнгээр төлөвлөдөг. Тэгвэл таны төлөвлөсөн орлого нь өсөлт авч ирэх хэмжээ мөн үү? Эсвэл зах зээлд бидний эзлэх хувь хэрхэн өсч эсвэл буурч байна вэ?
Доорхи үзүүлэлтүүд эдгээр асуултад хариулахад тань тусална.
1. Орлогын өсөлтийн хувь: Энэ үзүүлэлтийг тооцох гол аргачлал нь тухайн тайлант хугацааны борлуулалтын орлогыг өмнөх хугацааны дүнд харьцуулах юм. Ингэснээр харьцуулж буй хугацаанд танай борлуулалтын орлого эсвэл зах зээлд эзлэх хувь яг хэдэн хувиар өссөнийг мэдэх боломжтой.
Тайлант хугацаа гэдэг нь жилээр, улирлаар эсвэл сараар бүр 7 хоногыг хугацаа ч байж болно
Үүнээс гадна борлуулалтын орлогын мөнгөн дүн нь үнийн өсөлтийн нөлөөллийг агуулсан байдаг тул та уг хувийг борлуулсан тоо хэмжээг ашиглан тооцох боломжтой.
2. Зах зээлийн тэлэлтийн хувь: Манай байгууллагын борлуулалтыг хамгийн том өрсөлдөгчийн борлуулалтад харьцуулах.
Хэрвээ та өрсөлдөгчийн борлуулалтын мэдээллийг олох боломжтой бол энэ нь борлуулалтыг төлөвлөх, зорилт тавих хамгийн сайн үзүүлэлт байх магадлалтай.
Учир нь өмнөх жил, эсвэл улиралтай харьцуулахад та өрсөлдөгчийнхөө зах зээлийг эзэлсэн, эсвэл өрсөлдөгчдаа зах зээлээ алдсан эсэхээ энэ үзүүлэлтээр тооцох боломжтой.
Эдгээр үзүүлэлтийг та төлөвлөлт зохиохдоо, эсвэл хэрэгжсэн борлуулалтыг шинжлэхдээ ашиглаж болно.