ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГАД ГАРДАГ 4 ТОМ АЛДАА

A- A A+
ҮЙЛДВЭРИЙН САНХҮҮГИЙН УДИРДЛАГАД ГАРДАГ 4 ТОМ АЛДАА

Дэвжих Партнерс ХХК-с өөрсдийн зөвлөх үйлчилгээний туршлагаа нэгтгэн, үйлдвэрийн байгууллагуудад хамгийн их гардаг санхүүгийн удирдлагын 4 алдааг танилцуулж байна.

1. Түүхий эдийн үлдэгдлийн хяналт: Үйлдвэрлэл явуулахын тулд их хэмжээний, өртөг өндөр түүхий эд материал худалдан авч, хадгалж, зарцуулдах болдог. Ихэнхи байгууллага худалдан авсан бараагаа системдээ бүртгэн, зарцуулалтыг бүртгэдэг ч үүнээс чухал зарим зүйлсийг дутуу хийдэг. Тэрний нэг нь үлдэгдлийн хяналт юм. Дурын нэг түүхий эдийг сонгон, хэр удаан агуулахад хадгалсан, мөнгөө хэр хэмжээнд түгжсэнийг нь асуувал танай систем үүнд хариулж чадах уу? Хяналтын тооллогыг захирлын томилсон баг холдоо улирал бүр хийдэг эсэх? Хэрэв хадгалах үед хорогдол үүсдэг бол худалдан авснаас хойш өдийг хүртэл хэдэн хувийн хорогдол гарсан бэ? Эдгээр асуултанд хариулж чадахгүй бол та үнэндээ агуулахын үлдэгдлээ хянахгүй байна. Энэ нь зардал дутуу бүртгэгдэх, мөнгөн хөрөнгийн түгжрэл үүсгэдэг.

2. Үйлдвэрийн бүртгэл: Үйлдвэрт ТЭМ-г тавьж олгохдоо хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бараа тавьж өгсөнөө мэддэг үү? Эсвэл үйлдвэрлэлийн төлөвлөгөөнд үндэслэн зарцуулалт хийдэг эсэх? Үүнээс гадна үйлдвэрийн хорогдол, дахин боловсруулалтын өртгийг та бүртгэлээр хянадаг уу? Хамгийн чухал нь эдгээр зардлыг тухайн цуврал бүтээгдэхүүнд шингээсэн эсэх?

3. Стандарт өртгийг сарын эцэст шинэчилдэггүй: Технологийн картад үндэслээд үнэ тогтоодог. Бодит өртгийг сарын эцэст бодож гарган, зөрүүг гаргадаггүй. Ингэх нь үнэ тогтоох үед тооцсон ашгаа алдсан эсвэл хадгалсан эсэхээ мэдэхэд хэрэг болдог.

4. Бүтээгдэхүүн тус бүрийн өгөөжийн түвшинг хянадаггүй: Үнийг богино хугацаанд хянаж (сар бүр) үзэх нь түүхий эдийн өсөлт, валютын ханшийн нөлөө, үрэлгэн зардал, төлөвлөөгөөгүй явдлаас үүдэн ашгаа алдсан эсэхийг хянаж байхад асар чухал. Гэтэл дийлэнхи компани үнэ зохиогоод хэдэн сар жилээр шинэчилдэггүй. Энэ нь өөрөө алдагдлын гол шалтгаан байдаг.