САЙНААС АГУУД ДЭВШИХҮЙ -1

A- A A+
САЙНААС АГУУД ДЭВШИХҮЙ -1

Энэ номын зохиогч болох Жим Коллинз нь Америкийн алдартай бизнесийн зөвлөх, судлаач, зохиолч билээ. Тэрбээр дэлхийн бэст сэллэр “Сайнаас агууд шилжихүй” номоо бичихээс өмнө Build to Last буюу “Мөнхөд оршихоор бүтээгдсэн” номыг бичсэн байдаг. Нэгэн уулзалтын үеэр McKinsey & Company-н салбарийн захирал Билл Мээхан “Мөнхөд оршихоор бүтээгдсэн” ном нь анхнаасаа л агуу байсан компаниудын тухай ном учир дундаж болон сайн компаниудад хэрэгжих боломжгүй тул хэрэгцээгүй ном болсон тухай мэтгэлзсэн байдаг.

Үүнээс улбаалан Жим Коллинз боломжын сайн компаниуд юуг, яаж хийвэл агуу компани болж болох тухай 5 жил үргэлжилсэн нүсэр судалгаагаа эхлүүлсэн. Үр дүнд нь бизнесийн судар гэж хэлж болохуйц “Сайнаас агууд дэвшихүй” ном та бидний хүртээл болжээ.

Олон зуун компаниас нарийн шалгуураар сонгож авсан 11 агуу болон хувирсан компанид 100% хэрэгжсэн байсан, мөн энэ номын гол агуулга болсон тэр үзэл санаа бол:

ЦЭГЦТЭЙ ХҮМҮҮС + ЦЭГЦТЭЙ СЭТГЭЛГЭЭ + ЦЭГЦТЭЙ ҮЙЛДЭЛ= УРТ ХУГАЦААНЫ, АГУУ АМЖИЛТ

Энэ удаагийн нийтлэлээр ЦЭГЦТЭЙ ХҮМҮҮС (5-р түвшний удирдагч+ эхлээд хэн, дараа нь юу) гэх ойлголтыг танилцуулъя.

5-р түвшний удирдагч: Kimberly-Clark, Gillette, Nucor, Phillip Morris гэх мэт сайнаас агуу болсон компаниудыг өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүдэд нь удирдаж байсан эрхэмүүдэд оноон өгсөн нэршил юм. Эдгээр удирдагчдад байсан нийтлэг зан төрх нь даруу төлөв боловч хатуу чанд чин хүсэлтэй, бүрэг хирнээ аймшиггүй зоригтой зан чанар байв.

Нэг жишээ бол бидний сайн мэдэх Kleenex брэндийг хөгжүүлсэн Kimberly-Clark компанийн удирдагч асан Дарвин Смит юм. Хувьцааны үнэ нь 20 жилийн турш зах зээлийн дунджаас 36% доогуур байсан компанийг удирдаж эхлэхэд онцгой зөөлөн зан төлөвтэй Смитэд эргэлзэх хүн цөөнгүй байв. Гэвч түүний удирдсан 20 жил бол Kimberly-Clark цаасаар хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн манлайлагч болсон үе. Түүнийг зөөлөн, ноомой нэгэн байж гэж бодож байвал та эндүүрч байна. Эв дүүгүй, даруу, огтын ов мэх, ааш маяггүй байдал нь зорьсондоо тууштай үнэнч, тэвчээртэй, шийдмэг байдалтай нь хослон нийцсэн байв. Түүний баг компанийг удирдаж эхлээд удалгүй компанийн гол бизнес болох цаасны үйлдвэрлэл шаварт сууж байна гэх дүгнэлтэд хүрсэн. Ингээд эдгээр үйлдвэрүүдээ зарж, оронд нь дэлхийн аваргуудын нэг болох Procter & Gamble зэрэгтэй өрсөлдөхөөр өргөн хэрэглээний таваарын зах зээлд орох шийдвэрийг гаргасан. Үйлдвэрүүдээ зарснаар армиа эрэг дээр гаргаад завиа шатаасан цэргийн командлагчтай зүйрлэхүйц шийдвэр гаргасан юм. Ингээд компани нь 25 жилийн дараа гэхэд таваарын 8 нэр төрлийн бүтээгдэхүүний 6-д нь Procter & Gamble-н урд гишгэж чадсан!

Хамгийн сонирхолтой нь Жим Коллинз-н багийн сонгон авсан 11 компанийн удирдлагууд бүгд л Дарвин Смит шиг даруу төлөв зан чанартай, тууштай,мөн зоригтой удирдагчид байж таарсан. Мөн тэд өөрийн дараагийн удирдагчийг болгоомжтой сонгон авч сайтар бэлдэн, гаргасан үр дүнгээ урт удаан хугацаанд хадгалах боломжийг бий болгосон байсан: Энэ нь тэдний төсөөлөөгүй үр дүн байв!

Эхлээд хэн, дараа нь юу: Судлагааны баг сайнаас агууд дэвшсэн компаниудыг эхлээд ирээдүйн дүр зураг, стратеги зэргээ тодорхойлоод дараа нь тохирох ажилтнаа авдаг гэж бодож байв. Гэтэл судалгааны үр дүн эсрэгээр гарсан! Агуу болсон компанийн 5-р түвшний удирдлага ямар ч дарамт шахалтыг үл харгалзан, ямар ч үед өөрсөдтэй нь хамт “Тулаанд оролцох” хүчирхэг багаа бүрдүүлсэн байсан. Тэд хамгийн ухаалаг, чадварлаг, чин хүсэл эрмэлзэлтэй, зоригтой, яг л өөрсдийнх нь залгамж халаа болж чадахуйц багийг эхлээд бүрдүүлсэн. Судалгааны баг цалин хөлс, урамшууллын том зөрүүг харьцуулсан компаниудаас олж чадаагүй бөгөөд, харин тэдний боловсон хүчний гадагш урсгал хамаагүй бага байсан! ТЭД ЗҮГЭЭР Л ХАМТДАА АЖИЛЛАХ ДУРТАЙ, ХИЙЖ БУЙ АЖИЛДАА ДУРТАЙ, АМЖИЛТ ГАРГАХ ЧИН ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ БАГТАА НЭГТГЭЖ, ХАМГИЙН САЙН АЖИЛТНАА ХАМГИЙН ИРЭЭДҮЙТЭЙ САЛБАРТ ТОМИЛОН, ЗӨВ АЖЛЫН БАЙРАНД БАЙЛГАЖ БУЙ ЭСЭХЭЭ БАЙНГА ШАЛГАЖ БАЙСАН.

Үргэлжлэл бий......